Showing posts with label Арьс арчилгаа. Show all posts
Showing posts with label Арьс арчилгаа. Show all posts

Sunday, August 30, 2015

The Saem - Urban Harakeke Set - Арьс арчилгааны бас нэгэн "шинэвтэр?" Солонгос брэнд Болох The Saem



Арьс арчилгааг шүтдэг Өмнөд Солонгосын 2010 онд шинээр үүсгэн байгуулагдсан гоо сайхны брэнд болох The Saem-ын бүтээгдэхүүнүүдийн талаар хүмүүс ам сайтай байхаар нь хамгийн их борлуулагдсан сет болон маскийг туршиж үзлээ.

The Urban Harakeke нэртэй тоник, лосьон болон тосны сет нь энгийн, хуурайвтар арьсанд зориулагдсан бөгөөд Шинэ Зеландын нэгэн булагийн усыг найрлагандаа ашигладаг гэнэ. Одоо хэрэглээд 2 сар гаран болж байхад талаас бага зэрэг дундарж байн гэхээр хэмжээний хуьд эдийн засгийн хэмнэлттэй. Хамгийн их таалагдсан нь тоник - маш сайн чийгшүүлдэг санагдсан. Үлдсэн хоёр нь "яахав, дажгүй л юм" ангилалд багтахаар санагдсан. Үнийн хувьд боломжийн - гурвуул нийлээд 36 ам.доллараар Инчоны НОБ-аас худалдан авсан.


Gold Snail Bubble Mask - сүүлийн хоёр жил жижигхэн хөөсрөлттэй, "газтай" мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд тренд болоод байна. Энэхүү маскийг бага зэргийн чийгтэй арьсанд жигд түрхэхэд тэр дороо хөөсөрнө, уг хөөсийг 15-30 минутын дараа угаана. Хөөсрөлтийн явц маш хөнгөн гижиг хүргэх мэдрэмж төрүүлдэг. Чийгшүүлж, тэжээл өгөх зориулалттай. Үйлчилгээний хувьд мөн л "гүй яах вэ, сонирхолтой л юм" ангилалд хамаарахаар санагдлаа. :)
Үнэ нь 28 ам.доллар хавьцаа байсан санагдаж байна.

The Saem ер нь их гайгүй юм шиг байгаа юм.. Даанч Улаанбаатарт оригнал нь олдох биш дээ :))

Tuesday, April 29, 2014

Mizon - ACENCE - Blemish After Cream



Хаанаас авсан: УИД - АСА Цирк The Face Shop

Үнэ: 20000₮

Mizon маш их таалагдсан хэдэн бүтээгдэхүүнүүдийн нэг. Гайхамшигтай гэхээс өөр хэлэх ч үг алга. Батга гарсны дараа гарсан хэсэгт нимгэн түрхэж хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүний голлох найрлага нь зөгийн прополис (Зөгийнүүд үүрээ чигжиж барихын тулд гаргадаг хагас боловсруулсан ургамлын хольц) байсныг хараад шууд л авсан. Цэвэр прополис манайд зардаггүй юм шиг, тэгж байгаад боломж гарвал заавал олж авах хэрэгтэй зүйлсийн нэг (миний хувьд). Батгыг шууд арилгахгүй ч (шууд арилгана гэж байвал худлаа гэсэн үг) өрөвсүүлдэггүйгээс гадна батганы хэмжээг багасгаж аажмаар сорвигүй эдгэхэд тусалдаг юм шиг санагдсан. Браво Мизон! Браво зөгийнүүдээ!

Wednesday, April 23, 2014

Арьс арчилгаа ба Нүүр будгийн Дэс Дараалал

Блог-той болсноос хойш хамгийн их ирсэн асуулт бол нүүр будгийн дэс дараалал юм. Тослог, хуурай, холимог гээд ямар ч арьстай байсан нүүрээ будахын өмнө арьсаа арчилж, тодорхой хэмжээний анхаарал хандуулах хэрэгтэй. Ямар ч гоё будаг, будах чадвар байлаа гэхэд арьс онцгүй байвал муухай л харагдана.





Өглөө арьснаасаа шалтгаалан арьс арчилгаа хийнэ. Ерөнхийд нь дурьдвал:

1. Цэвэрлэгээ (Буцалсан эсвэл хонуулсан усаар хэд зайлах, зөөлөн тосоор иллэг хийж болох юм)
2. Тоник
3. Зовхины тос
4. Эссенц (хэрэглэхгүй ч байж болно)
5. Серум
6. Тос
7. Нарны тос

Энэ бүгдийг хийхэд 15-хан минут л болно, санаа зоволтгүй ((:

Нүүр будалтын дэс дараалал:

1. Праймер (хэрэглэхгүй ч байж болно, арьсны онцлог, тэр өдрийн байдлаас хамаарна)
2. Өө дарагч - суурь будгийн өмнө хэрэглэвэл илүү цэвэрхэн, байгалийнх мэт харагдана
2. Суурь будаг (Ямар арьсанд ямар ямар суурь будаг тохирох талаар энд дарж уншаарай)
3. Гэрэл, сүүдэр (Заавал хэрэглэх ямар ч шаардлагагүй. Өдөр тутамд гялалзуулагчтай сүүдэр хэрэглэх нь таны нүүрийг хэлбэржүүлэх бус "палбийлгаад" байдгийг анхаараарай. )
4. Хацар өнгөлөгч
5. Нунтаг энгэсэг (Заавал нунтаг пудр давхарлах шаардлагагүй, хэт тослог арьстай хүмүүст тохиромжтой)

Тэгээд нүд, хөмсөг, уруулаа хүссэн үедээ хүссэн янзаараа будаарай (:



Та блогийн Фейсбүүк хуудсаар зочлохыг хүсвэл энд дараарай (:

Tuesday, April 22, 2014

Mizon - Snail Repair Intensive Ampoule



Хаанаас авсан: УИД-АСА Цирз явах замд байрлах The Face Shop

Үнэ: 30000₮

Эмгэн хумсны нялцгай эдийн агуулмж өндөртэй ампул буюу серум. Серум гэж бүтцийн хувьд энгийн чийгшүүлэгч тосноос нягтаршил өндөртэй, "үйлчилгээ" сайтай бүтээгдэхүүнийг хэлдэг ба тосноос өмнө, тоник/эссенцний дараа түрхэж хэрэглэдэг. Mizon - ий эмгэн хумсны нялцгай эдтэй тосны талаар энд дарж уншина уу тостой нь хамт хэрэглэхэд их тохиромжтой санагдсан. 30 мл-н хэмжээтэй ч өтгөн тул нэгээс хоёр дусал хангалттай.

Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэж байвал туршаад үзээрэй, гоц гойд сайн гэж хэлж чадахгүй ч муугүй, аятайхан л санагдлаа (:

Monday, April 21, 2014

Mizon - Multi Function Formula - All in One Snail Repair Cream

Хаанаас авсан: УИД-с АСА Цирк явах замд буй The Face Shop

Үнэ: 35000₮

Mizon гоо сайхны брэндийн хит бүтээгдэхүүн болох энэхүү тосны найрлаганы 92% нь эмгэн хумсны нялцгай эд болохоороо тун онцлог байна. Mizon тийм ч алдартай, том бус ч бүтээгдэхүүнүүдийн найрлага, өвөрмөц чанараараа ялгардаг юм байна. Хамгийн анхны CC cream-г Chanel бус Mizon худалдаанд гаргаж байжээ.

35000₮ гэхэд гайхалтай сайн санагдсан. Маш сайн чийгшүүлэхээс гадна тэжээл өгдөг юм шиг санагдсан. Миний хүлээлтийг хэд дахин давж гарсан даа. Мөн тосны хэмжээ нь 75 миллиграмм бас нэг сайн тал нь болж байна.

Wednesday, April 9, 2014

Anna Tumoru - AHA

Хаанаас авсан: Sky Их дэлгүүрийн Япон гоо сайхны тасагаас

Үнэ: 38800₮

AHA буюу alpha hydorxy хүчил. 100 хувь органик. Тослог, тослог холимог арьсанд тохиромжтой санагдлаа. Яг бүтээгдэхүүн өөрөө уг нь их таалагдсан ч хуурай, амархан таталдаад байдаг арьсанд уг хүчлийг дангаар нь хэрэглээд их дэмий юм байна. Наргил модны самрын тостой хэдэн дуслыг холиод нүүрээ цэвэрлэхэд бол аятайхан юм.

Энэ төрлийн цуврал бүтээгдэхүүнүүд байдаг юм байна лээ


Sunday, April 6, 2014

Гэрийн нөхцөлд батга хэрхэн зөв шахах вэ?

Батгыг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаар нийтлэлийг энд дарж уншаарай. Уг нийтлэлд дурьдсанчлан хоёр, гурван хогогийн дотор хэмжээ нь багасч, дээрдэхгүй байвал шахаж, хуримтлагдсан эдийг гадагшлуулахаас өөр аргагүй.

Ямар ч нөхцөлд мэргэжлийн гоо сайханчаар шахуулсан нь дээр шүү.

Гоо сайхан орох боломжгүй, яаралтай тулсан ажилтай бол гэрийн нөхцөлд батгыг хэрхэн шахах вэ?

1. Гар, нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ.

2. Батга шахагч зүүгээр батгыг нэвт хатгана (сүлбэнэ гэсэн үг). Анхаар: ЯГ БАТГАНЫ ТОВОЙСОН ХЭСГИЙГ Л ХАТГАХААС БУС ДООД ОРЧМЫН ЭРҮҮЛ АРЬСЫГ ХАТГАХГҮЙ. Зүүг сайтар ариутгаарай.


3. Q-tip буюу үзүүртээ хөвөнтэй модоор ойр орчмыг эвтэйхэн, үл ялиг хүчтэй дарж батганы доторхыг гадагшлуулна.
4. Батга шахагч зүүний эсрэг талын цагирагт батгыг байрлуулан доош нь дарж сайтар шахна.

5. Spot treatment шахсан батга дээр тавьна. Хатаагч, гүн цэвэрлэгч маск байж болно.

6. Spot Patch дээрээс нь нааж бохирдол орохоос сэргийлнэ.

Танд дээрх нийтлэл таалагдсан бол Facebook дээр тус блогийн Page болох RainbowGl - ийг энд дарж LIKE -нуу

Wednesday, April 2, 2014

Батга гарчихлаа - Хэрхэн эмчлэх вэ?

Энэ өвөл, хавар батгатай тэмцэж өнгөрүүлсэн нь миний хувьд их сонин үзэгдэл байлаа л даа. Шилжилтийн насан дээр хүртэл цэвэрхэн байсан нүүр маань янз бүрийн хар, цагаан хэл ам (:P) ба гормоны өөрчлөлтүүдээс болоод их эмзэг, амархан батга гарамтгай болоод.. :/

Хаая нэг ганц хоёр батга энд тэнд гарах бол хэн бүхний хувьд энгийн үзэгдэл ч байнга батга гардаг бол ямар ч үнэтэй гадуур нь түрхэх бүтээгдэхүүн танд тус болохгүй. Амьдралын хэв маягаа өөрчлөн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн зэргээр хичээллэх хэрэгтэй ба мэргэжлийн арьсны эмч (гоо сайханчид бол дерматолог буюу арьсны эмч биш гэдгийг санаарай)-ид үзүүлж асуудлыг үндэс сууриар нь шийдэхээс өөр арга байхгүй.

Батга гарсан тохиолдолд гэрийн нөхцөлд аль болох оролдохгүй байх хэрэгтэй ба батга үнэхээр сайн эмчилдэг гоо сайханчтай болоорой. Онолын хувьд батгыг шахаж болохгүй гэдэг худлаа. Дээд тал нь гурван өдөр доор дурьдсан аргуудаар эмчлэх гэж оролдоод бүтэхгүй байвал шахаж цугларсан бохирдлыг гадагшуулахаас өөр аргагүй. Батгыг буруу шахвал, шахах явцдаа бохир оруулвал батга өрөвсөн бусад газарлуу "үсэрч" эхэлдэг. Мөн нэг шахаж, оролдсон батгыг дахин дахин шахах гэж хүрээд, майжаад байвал гүн сорвижих магадлалыг тун их өндөрсгөдөг.

1. Урьдчилан сэргийлэлт.

Миний ажигласнаар манай охид бүсгүйчүүд ариун цэврийн асуудлаас болж их батгашдаг. Дэрний уут, унтаж буй орны даавуугаа байнга угааж, сөөлжиж байха хэрэгтэй. Нүүрэндээ ямар ч сайхан юм түрхээд бохир дэр дэрлэж унтаад байвал ямар олиг байх вэ. Мөн нүүр будгийн хэрэгслүүдийг байнга цэвэрлэж, хугацаа нь дууссан будаг огт хэрэглэж болохгүй.
Мөн элдэв янзын чихэр, хиймэл сахар батга гарахад ихээр нөлөөлдөг.

2. Нэгэнт гараад ирсэн батгыг аль болох хүчтэй саван, цэвэрлэгчээр угаах нь их буруу. Нүүрээ тэр чигт нь ердийн цэвэрлэдгээрээ цэвэрлээд батга гарсан хэсгийг батганы эсрэг тоник-р хөнгөн арчаарай. Мөн тал аяга бүлээвтэр буцалсан усанд тал цайны халбага сод хийж хутгаад яг батга гарсан хэсэгт хөвөнд шингээж байгаад тавиарай. Цайны модны тос  байвал 4 дуслыг 20 халбага цэвэр усанд найруулж хэрэглэж болно - үүгээр нүүрээ бүхэлд нь


3. Арчсаны дараа Spot Treatment хэрэглээрэй. Яг гарсан батга дээр Q - tip ашиглаж түрхээрэй. Ихэнх Spot Treatment-н найрдагад Benzoil Peroxide (3-10 %) байдаг нь батгыг хатаах үйлчилгээтэй.

Clean&Clear Spot Treatment - ихэнх том супер маркетуудад зардаг.

The Face Shop -н Clean Face Spot Treatment-уудын талаар дэлгэрэнгүй нийтлэлийг Clean Face дарж уншаарай.

La Roche Posay - манайд зардаггүй ч ОУ-д маш их эрэлттэй байдаг бүтээгдэхүүн.
 Миний хамгийн дуртай нь:

Tony Moly - Dr.Tony AC Control - 19800₮
3. Үүнийг түрхсний дараа дээр нь Spot Patch нааж агаар, бохир орохоос сэргийлээрэй.

Monday, March 10, 2014

BEAUTY OILS! - ИД ШИДТЭЙ, ЦЭВЭР ТОСНУУД

Хэдхэн жилийн өмнө тослог арьстай хүн нүүрэн дээрээ цэвэр тос /oil/ түрхээд арьсны баланс тэнцвэржинэ гэдгийг хэн ч сонсоод итгэхгүй байх байсан. Тослог арьстай л бол аливаа тос, чийгшүүлэгчээс зайлсхийж сайтар цэвэрлэнэ гэдэг их буруу ойлголт болжээ. Үс, арьсанд хамгийн сайн цэвэр тоснуудыг дурдья. Заавал ЦЭВЭР, ЯМАР Ч НЭМЭГДЭЛГҮЙ  тос сонгож байгаарай. Тосонд хадгалагч, элдэв янзын бодис нэмсэн байвал аажмаар хор болдог.

Хуурай арьстай бол: /мөн хуурай холимог/

Ер нь хуурай арьсанд таарахгүй тос гэж байхгүй, олдсоныг нь л сайхан туршаад явчих хэрэгтэй. Гэвч хуурай арьс эмзэг байдаг тул бугуйн дээрээ бага зэргийг түрхэн нэг өдөр хүлээж харшилтай эсэхээ заавал шалгаарай. Нүүрэн дээр гарсан харшил маш туухай сорвиждог шүү. Мөн сав баглаан дээр COLD PRESSED гэсэн бичигтэйг авж байгаарай.

1. Хамгийн элбэг ОЛИВЫН буюу чидун жимсний тос
Хуурай арьстай хүмүүсийн хамгийн сайн туслах энэ тосыг шууд нүүрэндээ чийгшүүлэгч тосоор түрхэж болохын сацуу нүд& уруулын будаг арилгагч, биеийн илүүдэл үс хусахад зөөлөвч тос зэрэг маш олон янзаар ашиглагдан та бидний танил болсон билээ.

2. Арган модны тос
Зөвхөн Морокко-д ургадаг Арган гэх гайхамшигтай мод 150-200 жил насалдаг ба 30-50 насалж байж л самар гаргадаг байна. Уг самарт нь уулын ямаанууд маш дуртай ба шувуу шиг л модруу авирцгаан түүж иддэг ажээ. Ямаанууд самрын ясыг тэр чигээр нь боловсруулдаг ба тэдний өтгөнөөс Арган тосыг гаргаж авдаг байна. ( hahaha lol )

Маш ховор мод тул тос нь тодорхой хэмжээнд үнэтэй байдаг. 50 мл-г 15 доллараар зарж байвал ямар нэгэн орц, хольцтой гэж ойлгох хэрэгтэй. Морокко-д цэврээр нь 100 мл-г 50 ам.доллараар зардаг гэхээр бусад газар үүнээс үнэтэй байж таарна. Энэ тос нь бүх төрлийн арьсыг гайхамшигтай чийгшүүлэхээс гадна арьсны өөрийн нөхөн төлжих процесс-г дэмжиж өгдөг.

Супермодель JOSIE MARAN энэ гайхамшигтай тосоор өөрийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүдийг гаргасан байна.

3. Наргил модны самрын тос /COCONUT OIL/-н талаар маш дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

4. AVOCADO OIL - Авокадо жимсний тос



Гайхалтай чийгшүүлэх чадвартайгаас гадна артсны коллаген ялгаруулах процесс-ыг дэмжин эрчимжүүлдэг байна. Антиоксидантуудаар баялаг тул хуурай, үрчийгээд байгаа арьсанд маш сайн. Сайн чанарын цэвэр авокадо тос өтгөн ногоон өнгөтэй байдаг.


Тослог, батга ихээр гардаг арьстай бол хэрэглэх тоснууд: / мөн тослог холимог/
Тослог арьстай байнга юм гарч байдаг бол цэвэр байгалийн beauty oil авралын тэнгэр чинь болно гэж байна шүү. Хамгийн гол анхаарах зүйл: ихэнх тохиолдолд таны арьсны тослог linoleic acid буюу ханаагүй өөхт хүчил болох Omega 6-аар гачигдсан байдаг тул хэт өтгөн, ойрхон давтамжтайгаар ялгаран арьсны нүхнүүдийг бөглөж элдэв батга гаргаж байдаг байна. Тэгэхээр LINOLEIC ACID агууламж өндөртэй тос хэрэглэн энэ асуудлыг тун хялбар шийддэг юм байна.Үүний эсрэгээр тослог арьстай бол OLEIC acid буюу Омега 9 өөхт хүчлийн агууламж өндөртэй тосноос зайлсхийгээрэй. Таны арьсанд энэ хүчил илүүдсэн байгаа.

1. Evening Primrose Oil

Линолеик хүчлийн агууламж 72.6 хувьтай. Тослог, юм л бол батга шаваад байдаг арьсанд маш тохиромжтой. Арьсаа сайтар цэвэрлээд нимгэн түрхээд унтана.

2. GRAPE SEED OIL - Усан үзмийн үрийн тос

Антиоксидантуудаар баялаг, чийгшүүлж тэжээл өгөхөөс гадна хөгшрөлтөөс сэргийлээд зогсохгүй аль хэдийнэ гарсан үрчлээсийг ч эмчилдэг байна. Монголд меркури дотор зарж байх шиг байсан шүү. Заавал 100 хувь цэврийг нь олж аваарай. Линолеик хүчил 70.6 хувийн агуулдаг байна.

3. Pumpkin Seed Oil - Хулууны үрийн тос

Линолеин хүчлийн агууламж 57.2 хувьтай байдаг байна. Гормоноос үүссэн батгашилтанд тун сайн юм байна. Нүүрэндээ нимгэн түрхэхээс гадна, давсаг, бөөрний хэсгээр иллэг хийж өгч болно.



Та RainbowGl PAGE-р зочлон LIKE дараарай (: :P

Sunday, March 9, 2014

Хавар арьсаа арчлах нь

Улирал солигдох үеээр хэн бүхний арьс битгий хэл бүхэл бие тавгүйтдэг. Өвөлжингөө хуурайшиж, цангасан арьс хаварт шилжих үеээр улам хуурайшин, холцруутах нь бий. Үрчлээс үүсдэг гол цаг юм, иймээс нүүр гэлтгүй бүх биеийн арьсандаа онцгой анхаарал тавих шаардлагатай.


Ашигласан бүтээгдэхүүнүүд:
1. Beyond - Angel Aqua Serum
2. Tony Moly - Hyaluronic acid
4. Boots - Vitamin E cream
4. The Body Shop - Vitamin E Serum
5. The Body Shop - vitamin E Day Illuminating Cream
6. L'Occitane - 25% Shea Butter Moisturizer
7. The Face Shop - Eye&Spot Chiya Essence
Болж өгвөл амарч, боломж гарвал маск тавь! ((: - хаврын арьс арчилгааны гол мантра нь энэ бөлгөө ((:

Чийгшүүлэх, гүн цэвэрлэх маскийг аль болох долоо хоног бүр 2, 3 удаа тавьж байхыг хичээгээрэй.

Tuesday, March 4, 2014

Үрчлээ яагаад үүсдэг ба тэмцэх 3 зам

Хэн ч хөгшрөхийг хүсдэггүй, гэвч бид бүгд цаг минут тутам хөгширч л байгаа. :P

Хөгширнө гэдэг тийм ч их муу зүйл биш, байгалийн жам билээ. Бидний гол асуудал бол хэрхэн "сайхан" хөгшрөх вэ болон хугацаанаас өмнө хөгшрөх явдал юм. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал цаг хугацаанаас өмнө хөгшрөх хамгийн том шалтгаан байх гэж боддог. Мөн хэдийд ямар байдлаар үрчлээс суух нь тухайн хүний амьдралын хэв маяг, арьс арчилгаа ба ген-с хамаарна.

20 хүрсэн л бол зөв хөгшрөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг нэн даруй авч байх ёстой. Үрчлээний эсрэг ихэнх бүтээгдэхүүнүүдийг бид 35 дээш насныхан л хэрэглэх ёстой гэж боддог нь тун өрөөсгөл юм. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн талаас илүү нь  үрчлээний ЭСРЭГ буюу гарч ирэхээс нь өмнө хэрэглэх зориулалттай байдаг.

Би хуурай арьстай, дээр нь шил & линз зүүдэг, яагаад ч юм хөмсгөө зангидах дуртай. Мөн хөдөө хээр 15-тайгаасаа саяхныг хүртэл нар салхинд давхиж өгдөг байсан гээд маш олон хүчин зүйлүүдээс болоод дөнгөж 20 хүрж байж хялгасан үрчлээнүүдийг цуглуулсан даа. Хялгасан үрчлээ арчилгаагаар арилдаг. Гүн үрчлээ нэг суувал мэс заслын аргаар л бүрэн арилна, сайтар арчлаад байвал бүдгэрдэг.

1. Иллэг.
Гэртээ будгаа арилгах, арьсаа гүн цэвэрлэх иллэг тун тохиромжтой. Тавхан минут байсан ч хамаагүй яг үрчлээс үүссэн, үүсэх гэж буй, үүсэх магадлалтай хэсгүүдийг хэд сайхан илээд байхад хэдхэн долоо хоногийн дотор өөрчлөлт мэдрэгддэг. Гадуур маш олон төрлийн цэвэрлэгээний тоснууд худалдаалагддаг болсон шүү дээ. Хүзүүгээ мартав аа! Хүзүүний арьс нэг муухай болвол ямар ч арга байдаггүй, мэс засал хүртэл тус болохгүй шүү!

Миний яг одоогийн байдлаар хэрэглэж үзсэн ба шүүмж бичснүүдийг дор жагсаая, та хүссэн дээрээ даран дэлгэрэнгүй уншаарай:

a. The Face Shop - Mango Cleansing Butter
b. The Face Shop - Brightening Cleansing Oil
c.The Face Shop - Migamsu Cleansing Cream
d. Cetaphil - Cleansing Lotion

Бичиж амжсангууд нь л дээрх юм байна. Үүн дээр Tony Moly Aqua Sherbet Cleanser, Ponds Cleansing Cream бас дажгүй санагдсан юм байна.

Та заавал энэ төрлийн бүтээгдэхүүн авахгүйгээр оливийн, наргил модны самрын гэх зэрэг дуртай цэвэр тосоо хэрэглэж мөн болно.

Мөн цэвэрлэсний дараа гэртээ тухтай цаг гаргаж байгаад 15 минут нүүрний шугамын дагуу хүссэн тосоороо иллэг хийж байвал маш үр дүнтэй. Үрчлээс бүдгэрүүлэх, сэргийлэхээс гадна арьс амарч чийгшил аван нэг өнгөтэй болдог.

Гэртээ иллэг хийсэн ч мэргэжлийн гоо сайхны салонд сард ядаж нэг удаа орж байгаарай. Өөр хүний гар арай л өөр байдаг шүү.

2. ЧИЙГШИЛ!!!

Ажиглаад байхад охид бүсгүйчүүд арьсаа хэрхэн зөв чийгшүүлэх талаар нэг их бодолгүйгээр цайруулах, батга арилгах, үрчлээ арилгах гэх мэтийн гуравдагч асуудлуудыг онилоод байдаг. Эдгээр бүх асуудлын ганц үндэс суурь бол чийгшил байдаг. Хуурай байгаа болоод л бараантаж харлаж байгаа, үүнээс болоод л үрчлээс үүсэж байгаа шүү дээ. Үрчлээгүй байя гэвэл чийгшүүлэх хамгийн чухал. Ул суурьтайгаар чийгшүүлье гэвэл чийгшүүлэх сет бүтээгдэхүүн хэрэглэсэн нь хамгаагүй үр дүнтэй. Ганц тос түрхээд түрхээд нэг их юм болдоггүй.

3. Амьдралын хэв маяг бюую хооллолт.


Ус сайн уу л гэдэг. Ус уух нь бас их учиртай юм шиг байна. Ойрд аюур веда-г их сонирхож хэд хэдэн нийтлэл нэг ном талд нь оруулсан. Тэднийхээр өдөрт уух ёстой 2 литр усны дөрөвний нэгийг нь өглөө сэрэнгүүтээ, өлөн ходоод дээрээ уух ёстой байдаг юм байна.

Мөн байнгын дасгал хөдөлгөөн ямар чухлыг та бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

Аль болох бүтэн үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, болж өгвөл энэ төрлийг ч нэг их идэхгүй байж хэвших хэрэгтэй юм байна. Үрчлээний эсрэг шилдэг хүнс бол ханаагүй өөхаар баялаг хүнс буюу яргай загас, самар их идэхийг хичээгээрэй. Хүн хүнд тохирох хоолны дэглэм өөр тул би ямар хүн билээ гээд сайн бодож байгаад одооноос нэг "ийм л юм идэж байна" гэсэн төсөөооийг бий болгох хэрэгтэй.

RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

Wednesday, February 26, 2014

Хар батга хэрхэн үүсдэг ба яаж арилгах вэ?

Хар батга гэдэг нь хэт онгойсон нүх дээр элдэв бохирдол, үхжсэн арьс орон бөглөхийг хэлдэг. Нэр нь хар боловч зарим тохиолдолд шар байдаг. Хар батганы үүсэлд арьсны халим /sebum/ маш их үр нөлөөтэй. Sebum буюу арьсны халим нь үс арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй, тослог ялгаруулагч булчирхай юм. Арьсан дээр хуримтлагдсан бохирдол халимын ялагаруулж буй тослог хэсэгт нэвтрэн хүрвэл, яг тэр хэсэгт онгорхой нүх сүв байхгүй байвал цагаан батга үүсдэг. Хэрэв нүх байвал хар батга үүсдэг байна.


Хар батгыг маш сайн арилгадаг хэн ч хийж болохоор нэгэн маскийг танилцуулъя

1 халбага давс + 1 халбага гаатай шүдний оо = сайтар хутгаад хар батгагтай хэсэгт тавин 5 минут хүлээнэ. Дараа нь үл ялиг усаар дэвтээж байдааг 5 минут иллэг хийнэ. Угаасны дараа мөсөөр арчиж нүхийг агшаана. Маш хялбар байгаа биз?

Үр дүнгээ хуваалцаарай (:

Та RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай


Tuesday, February 25, 2014

Нүхжилт - Яагаад үүсдэг ба хэрхэн тэмцэх вэ?

Нүхжилт үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсүүд бол: нас, хүйс, арьсны төрөл ба ген байдаг байна.


Үнэхээр удмынх бол /удмын гэхээр хар багаасаа нүхжилттэй арьстай гэсэн үг биш юм байна шүү, харин эцэг эх, гэр бүлийнхэн тодорхой насанд хүрээд цаанаасаа нүхжилттэй болцгоодог тохиолдлыг хэлнэ/ аль болох цэвэрхэн арчлахаас ор тас алга болгох бараг боломжгүй юм. 

Нас: хүний арьс хөгшрөх тусам уян хатан чанараа алдаж, өөрөө нөхөн төлжихөө больдог. Тэгээхээр элдэв бохир ба үхжсэн арьс солигдож чадахгүйгээр арьсны нүхийг сунгаан том нүхжилт, яваандаа нөсөө болон хувирдаг байна. 

Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол нүхжих боломж илүү өндөр, энэ нь тэдний тестостероны хэмжээтэй шууд холбоотой байдаг гэнэ. Бүсгүйчүүдийн сарын тэмдгийн үе, бусад гормоны хэлбэлзлийн үеээр арьсны тос ялгаруулах процесс доголдон мөн нүхжилт үүсдэг гэнэ ээ. "Гэнэ ээ" гэж буйгийн учир нь би хамарны хоёр талын нүхжилтиндээ хэзээ ач холбогдол өгч байгаагүй, аль шилжилтийн наснаас хойш л тийм байсан, манай ээжид ч байдаг. Одоо яая гэх вэ дээ, сайхан цэвэрлээд байхад зүгээр ш дээ. Тийм үзлийн муухай огт санагдаж байсангүй. Гэхдээ Фейсбүүк дээр 5 асуултын нэг нь нүхжилт байдаг мэт санагдаад судалж бичихээр шийдлээ. Санаа зоволтгүй, Cameron Diaz хүртэл нүүр дүүрэн нүхтэй шүү дээ.


1. Нүхжилттэй тэмцэх хамгийн гол арга бол байнга цэвэрхэн байлгах юм. Зүгээр гараараа илж угаалаа гээд нүхнүүдийг сайн цэвэрлэхгүй тул заавал багсаар угаах хэрэгтэй. Нүхжилт элдэв бохирдол цуглуулах тусам улам томордгийг санаарай. 

Нүхжилт нүүрээр нэлэнхүйд тархсан бол томыг:


Tony Moly, face Shop, MISSHA  мөн зарим япон барааны дэлгүүрт харагддаг. Үнийн хувьд 30000-45000₮ хооронд байдаг.

Хэсэгчилсэн нүхжилттэй бол жижиг багс:

Мөн солонгос, япон дэлгүүрүүдээр 12000-25000₮-ийн хооронд харагддаг.

Эсвэл Clairosonic, Clinique, Foreo гэх зэрэг цахилгаан цэвэрлэгч багс бүр дажгүй!


2. Нүх агшаах, за агшаах ч гэж гүн цэвэрлэх үйлчилгээтэй шавар буюу Clay маск долоо хоногт ганц, хоёр удаа тавьж байгаарай.

Миний хамгийн дуртай шавар маск: MISSHA - Black ghassoul

3. Гүн цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа мөсөөр 30 секунд жин тавьж байвал яваандаа агшдаг.

4. Тарагаар маск тавьж байгаарай. Цэвэр хөдөөний гоё тараг олдвол нүүрэндээ тавиарай. Тарганд агуулагддаг цэвэр лакто хүчил ба пробиотик-ууд арьсыг зөөлөн, байгалийн аргаар гуужуулж байдаг. Манайхан цайрах зорилгоор ингэж хэрэглэдэг.

5. Хэрэв таны нүүр том том нүхнүүдээс гадна батганы шинэ хуучин сорвиноос огт салахгүй байвал хамгийн нэг дүгээрт мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмчээсээ бүх юмыг уур нь хүртэл нарийн асуу, яг яагаад, тэгсэн чинь юу болсон гэх зэргээр. Эмч эмийн бэлдмэл бичиж өгвөл хаанахын, яг яадаг ид шидтэй, хэн ямар аргаар оруулж ирсэн гээд бүгдийг бие даан давхар шалган судлах хэрэгтэй. Би багаасаа жаахан бие муутай, эмч нарын бичиж өгсөн хорноос хаширсан. Эм гэснээс таны жирэмснээс хамгаалах эс гормоны тэнцвэрийг алдагдуулан асуудал үүсгэж ч байж болох юм.

6. Би юу идэж ууж байна вэ? Өдөржин ундаа, чихэр, печень энд тэндхийн бэлэн хоол идвэл таны арьс байтугай бие организм тань хэвийн ажиллахаа больдог. Хамгийн тэргүүнд хоол боловсруулах эрхтэн муудна, арьс энэ хоёр шууд хамааралтай. Хелико өөр юу юу ч билээ бактер-с болж нүүрэн дээр нь аймар батгашдаг болсон хүмүүс бүгд том том том нүхнүүдтэй байдаг. Хоол боловсруулах эрхтнээ сайжруулдаггүй юм аа, гэхэд энэ хэвэнд аваад явъя гэвэл заавал маш их ус уугаад цагаан гурил, хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай. 



Sunday, February 23, 2014

LANEIGE - Water Sleeping Pack



Sleeping Pack - гэж солонгосуудын гаргаж ирсэн тавиад унтдаг маскийг хэлдэг. Бүхэл шөнөжин үйлчилгээгээ үзүүлэн өглөө угаах зарчмаар явна. Яг энэ Laneige-ийх чийгшүүлэх зориулалттай. Миний арьс үнэхээр хуурай юу, энэ сайн үйлчилдэггүй юу? - мэдэхгүй юм. Надад мэдэгдэхүйц өөрчлөлт огт гараагүй. Уг нь энэ бүтээгдэхүүн Солонгосдоо хит болж байсан, энд тэнд үүнийг магтсан маш олон шүүмж байсан. Солонгос явсан найздаа захисан ч энд УИД-н нэг давхарт 42500₮ гээд зардаг юм байна лээ.

Saturday, February 22, 2014

COCONUT OIL буюу наргил модны самрын тосыг гоо сайхандаа ашиглах 7 арга



Маш их хайсны эцэст ийм гоё юм олсноо та нартайгаа хуваалцах маш сайхан байна шүү. Фейсбүүк дээр 2 дэлгүүр зарж байсан ч захиалга дууссан ба 450 граммыг 33000₮-р худалдаалж байсан. Улаанбаатарчууд юмыг хэтэрхий өндөр үнээр худалдаж авсаар хувь заяатайгаа эвлэрсэн хүмүүс гээд захиалчихаад байж байсан чинь яг олдож таардаг байгаа ((:

Энэхүү тос байгалийн гаралтай амино хүчил ба өөхөн хүчлүүдийн хамгийн ихээр агуулагч юм.

1. Будаг арилгагч.

Арьс тань хэт хуурайшаад, эмзэг болоод байвал хөвөнгөө үл ялиг усаар норгос хийгээд багахан тосноосоо аваад нүд, уруулын тод будгуудийг маш сайн арилгаж болдог. Яг энэ аргаар оливын тосыг ч мөн ашиглаж болдог.

2. Үсний чийгшүүлэгч маск & ангижируулагч


Энэ тос хуурай, гэмтэлтэй үсний хамгийн сайн найз юм. Хэдэн жилийн өмнө Шотдандад 10 хонох завшаан гараад, зочид буудлын дэлгүүрээс сонирхож аваад үсээ 10 хоног тасралтгүй өдөр бүр энэ тосоор ангижируулахад 3см шууд ургаад, өтгөн болоод гайхамшгийг үзүүлж байсан. Харамсалтай нь түүнээс хойш огт хэрэглээгүй, мэдээж одооноос бол байнга хэрэглэх болно (:

3-5 халбагыг аяганд аваад хэсэг бүлээцүүлж хутгаад шингэвтэр болгон хуйх, үсэндээ сайтар иллэг хийж түрхээд шүршүүрийн малгай өмсөж 1 цаг байлгана. Хүсвэл ингээд унтчихаж ч болно. Дараа нь үсээ бүлээн усаар сайтар зайлна. Миний сананых зайлах ч тос бараг үлдэггүй, бүгд шингээд алга болчихдог. Үс уналтанд мөн их сайн.

3. Үс хусах тос

 Биеийн илүүдэл үсийг ваксаар авдаггүй, өөрөө хусдаг бол хусах хэсэгтээ нимгэн түрхээд шууд хусахад хамаагүй сайн, зөөлөн элдэв шархны асуудалгүй авагддаг байна. Гэвч үсийг төсөр хусагчаар хусна гэдэг тийм ч сайн зүйл биш. Аль болох ваксдахыг хичээгээрэй.

4. Чийгшүүлэгч
Бүх бие, нүүрний арьсанд тэр чигээр нь чийгшүүлэгч тос болгож түрхэнэ. Наргил модны үнэрт дуртай хүмүүүст маш гоё санагдана. Арьсны хамгийн сайн чийгшүүлэгч тоснуудыг нэг билээ.

5. Гуужуулагч

2 халбага бор сахар, 2 халбага тосоо сайтар холиод маш гоё биеийн гуужуулагчтай болоорой. Яг энэ аргаар наргил модны тос бус оливийн тосоор гуужуулагч хийж мөн болдог.

6. Зовхины тос.

1 халбага тос дээр капсулан Е витаминыг шахан шингэнийг нь гоожуулах, эсвэл цэвэр Е витамины тосноос хэдэн дуслыг хольж гайхалтай сайн зовхины тостой болж болдог. Энэ нь үрчлээстэй тэмцэхээс гадна нүдний доорх хөхрөлтийг эмчилдэг.

7. Нүүр угаагч
1 халбага тос дээр 1 халбага хүнсний сод нэмж сайтар холин байгалийн гаралтай цайруулан чийгшүүлэгч нүүр угаагчтай болж болно.

Та RainbowGl группт энд дарж нэгдээрэй (: