Monday, November 9, 2015

Organic Earth du Canada - Органик гоо сайхан ба эссенцтэй бүтээгдэхүүнүүд

Баруун дөрвөн замын Адмирал пабын хажууд байрлах Organic Earth du Canada брендийн хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн туршлагаа бичье гэж бодлоо. Өвөрмөц, органик гаралтай гэх зэрэг хүмүүс сайн амтай байдаг юм байна лээ. "du Canada" гэхээр нь Канадад үйлдвэрлэгддэг юм болов уу гэж бодсон чинь Канад удирдлаган доор БНХАУ-д үйлдвэрлэгддэг юм байна лээ, төөрөгдүүлмээр байгаа биз?

Боломжийн үнэтэй, байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн хэрэглэж үзмээр байвал туршаад үзээрэй. Хувьдаа хэд, хэдэн бүтээгдэхүүнүүдийн талаар төрсөн сэтгэгдэлээ орууллаа.

Хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн бол дээрх зургийн голд орших үсний салаа эмчлэгч тос. Үнэхээр үр дүнтэй санагдсан ба үсний ургалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Баруун гар талд Sleep Easy буюу тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй бэлдмэл байна. Гоё үнэртэй ч, тийм ч үр дүнтэй санагдаагүй. Зүүн талд нь Immune Boost буюу дархлаа дэмжих бэлдмэл харин таалагдсан шүү. Өглөө, оройдоо хөлний уландаа хэдэн дуслыг түрхэж хэрэглэнэ. Яг ямар үйлчилгээтэйг нь мэдэхгүй ч, сонирхолтой байдлаар витамин ууж байгаа юм шиг хөгжилтэй. Голын бүтээгдэхүүн 25,000₮ бол хоёр захынх нь 15,000₮.

 Сарнайн чийгшүүлэх, үрчлээний эсрэг тос. Хэтэрхий тослог бүтэцтэй мэт санагдсан. Гэхдээ ихэнх байгалийн гаралтай бүтээгдэхүүн ийм төрлийн бүтэцтэй байдаг. Орой л хэрэглэнэ үү гэхээс өглөө арай "хүндэвтэр" санагдсан. Үрчлээний эсрэг үйлчигээ ажиглагдаагүй ч, чийгшүүлэхийн хувьд сайн байсан шүү. Мөн элдэв харшил өгөөгүй.
 Hot oil burner буюу эссенцийн тос хайлуулагч гэх юм уу даа? Essential Oil гэж ургамлын эссенцийн найрлагатай, ихэвчлэн арома терапия-д ашигладаг бяцхан тоснууд байдаг. Дээрх жижигхэн дэнлүүнд лаа хийж асаагаад, орой нь халахаар эссенцийн тосноос хэдийг дусаана. Тос ууршиж, орчныг маш сайхан үнэртэй болгодог. Эссенцийн тос бүр ямар ургамлаас гаралтайгаас хамааран тайвшруулах, сэргээх гэх зэрэг өөр өөрийн үйлчлэлтэй байдан.
Эссенцийн тос бүр 8,500₮-ийн үнэтэй байсан нь их боломжийн санагдсан шүү. 

Арьс арчилгааны бүтээгдэхүүнээс нь дахиж авах сэдэл төрөөгүй ч, хэд хэдэн эссенцийн тос, өрөө бүртээ нэг oil burner авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. :) 

Thursday, November 5, 2015

Clarisonic MIA Dupe - Нүүр цэвэрлэгч багс



Сүүлийн хэдэн жилүүдэд нүүрний электрон цэвэрлэгч хэрэгсэл тренд болж, баруунд хүн бүрийн угаалгын өрөөнд шүдний сойз мэт түгээмэл харагдах болжээ. Гараараа үрж угааснаас хэд дахин үр дүнтэй, гүн цэвэрлэдэг нь хэдийнээ нотлогдсон байна.

Гэсэн хэдий ч, мейнстриймд хамгийн нэртэй Clarisonic, Foreo зэрэг брэндүүдийн угаагч багс 120 гаран ам.доллар байдаг. Нэг хэсэг Форео-ийн Луна силикон багстай цэвэрлэгчийг авна даа гээд шийдчихсэн байлаа. Тэгтэл Incheon нисэх онгоцны буудал дээр Кларисониктой маш ижилхэн харагдах нэг багс байхаар нь үзтэл Солонгосын Korean Beauty гэх кларисоник багсын DUPE буюу хямд хувилбар нь байхаар нь туршаад үзье гэж бодоод авсан юм. 59 ам.доллар байсан санагдаж байна, Кларисоникоос хоёр дахин хямд гэсэн үг шүү дээ.

Гүйцэтгэлийн хувьд кларисониктой яг л ижил санагдсан. Хэрэглэсээр байгаад гараараа, эсвэл өөр юмаар нүүрээ угаахад хангалттай цэвэрлэгдээгүй мэт санагддаг болчихсон. Яг л шүдээ сойзоор угаагүй мэт. Улаанбаатар хотын агаар болон орчны бохирдол дэлхийд тэргүүлээд хэдийнээ жил гаран болсон шүү дээ. Ядаж орой доо, гүн цэвэрлэж хэсэгхэн ч гэсэн арьсаа амраах хэрэгтэй мэт. Ялангуяа нүүрний арьс хамаг бохирдлыг пролон мэт ууж байдаг шүү дээ.

On товчлуурыг дарахад вибратор ажиллаж багс баруун, зүүн тийшээ чичирхийлдэг. Үүн дээр бага зэрэг бүлээн ус, өөрт таардаг цэвэрлэгч бүтээгдэхүүнийг нэг, хоёр дусал дусаагаад нүүр, хүзүүгээ тус, тус нэг минутын турш цэвэрлэнэ. Бззззззз гэж дугараад, зөөлөн чичирхийлэх нь нэг л стресс тайлах шидтэй ч юм шиг, санагддаг :)). Double A++ жижиг зайгаар ажилладаг тул цахилгаанд цэнэглэх шаардлага байхгүй. Мөн багсыг 3 сар тутам сольдог.

Санхүүгийн тал дээр боломжтой байвал Кларисоник эвсэл Форео авсан дээр байх л даа. Гэвч, над шиг хорголоо тоолж байвал үүнийг Солоногосоос захиулаад ч юм уу нэг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөөр байна. :)

Monday, October 19, 2015

Juicing - Шинэ Ногооны Шүүс

Сүүлийн үед Монголд ийм юм байдаг байсан бол, тийм юм байдаг байсан ч бол гэж боддог байсан зүйлс нэг, нэгээрээ бий болоод байгаа ч юм шиг :D. Органик, монгол ногооны хүргэлт боломжийн үнэтэй хийдэг газар гарч ирэхгүй юм байх даа гэж боддог байсан чинь, ашгүй Green Box гараад ирлээ! 

19,900₮-өөр долоо хоногт нэг удаа хайрцаг дүүрэн органик ногоо хүргүүлж авна гэхээр янзтай сонсогдож байгаа биз дээ? Грин боксыг эрхэлдэг эгчийн инстаграм нь (@bagibayar) түүхий ногоогоор хийсэн шүүс, шөл, төрөл бүрийн хоолнуудын гоё, гоё зурагнуудаар дүүрэн, ороод үзээрэй! :) (нэгэнт инста орж байгаа юм чинь, намайг бас дагаарай :D @rainbowgl7 )

Зиа тэгэхээр, сүүлийн хагас жил идэвхитэйгээр juicing хийхийг хичээж байна аа. Дан жимсний шүүс шахагчтай болсон ч, жимс, ногоонуудын (fiber) жижиг үртэснүүдийг нь дэмий хаяаад байгаа юм шиг санагдаад блэндертэй болсон. Ингээд байнга хийж уудаг, хамгийн дуртай 2 смүүдиниийхээ орцыг бичиж, оруулъяа гэж бодлоо. :)

1. Лууван, алим болон цагаан гаа



Өөрийн уух хэмжээгээр Лууван, алим хоёроо ойролцоогоор 2:1 (8 лууванд 4 алим гэх мэт) хэмжээтэйгээр жижиглэн хэрчинэ. Бага зэрэг цагаан гааг тусад нь аль болох жижиг хэмжээтэйгээр үрнэ. Бүгдийг нь бэндертээ бүгдийг нь хийгээд дээрээс нь нэг аяга ус хийгээд л болно. Амархан байгаа биз дээ? Лууван бета-каротинаар баялаг, нүдний хараанд их сайн. Цагаан гаа өрөвслийн эсрэг хүчтэй тэмцэгч, эмэгтэйчүүдэд их сайн гэдэг юм байна лээ. :)

2. Спинач, усан үзэм, өргөст хэмх болон лууван


Нэг атга спинач, хоёр атга усан үзэм, хоёр лууван, 1-ээс 2 ширхэг өргөст хэмх - бүгдийг нь жижиглээд блэндертээ нэг аяга усны хамт хийгээд хольно. Мөн адил маш амархан. :)


Thursday, October 1, 2015

Keratosis Pilaris - Тахианы арьс мэт биржийлт

Дөрвөн хүн тутмын 1 нь кератосис пиларис буюу "тахианы арьс"-аар өвчилсөн байдаг гэнэ. Маш элбэг байгаа биз? 8 хүн тутмын нэг нь 1-р типийн Херпестэй, вирус хаанчилсан цаг үед амьдарч байгаа юм чинь гайхаад байх ч юу байх вэ дээ?

КП гэж үсний уутанцарт уураг ихээр хуримтлагдан бөрөөнхий "гэр" болохыг хэлдэг гэнэ.

"Тахианы арьс"-аар өвчилсөн бол ихэнх тохиолдолд ямар ч зовиур, эрүүл мэндэд ноцтой нөлөөлах хор уршиг байхгүй ч, гоо зүйн үйднээс асуудал үүсгэнэ. Маш хатуу, биржгэр, хуурай арьс тачаангуй мэдрэгдэх нь битгий л харагдахгүй нь ойлгомжтой. Хамгийн хэцүү нь хүн бүрт үйлчилдэг, гарцаагүй эмчилгээний арга байдаггүй юм байна. Хүн бүрийн арьс, бие организм өөр, өөрийн гэсэн онцлогтой болоод ч тэр үү, нэг хүнд үйлчилсэн эмчилгээний арга өөр нэг хүнд огт нөлөөлдөггүй гэнэ. Үнэхээр түгээмэл тул хялбар ашиг олохыг санаархагчид КП-г эмчлэх есөн шидийн тос, түрхлэгүүд худалдаалдаг ч абсалютный үр дүнтэй томъёолол байхгүй тул их, бага мөнгө зараад дэмий байх. Мөн яг юунаас болж үүсдэг талаар тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт байхгүй байгаа нь нэгдсэн эмчилгээ гаргахад хамгийн том бэрхшээл болдог биз ээ. Ингээд энэ өвчний талаар олж мэдсэн 5 зүйлсийг жагсаая:

1. Ген - КП ихэвчлэн генийн дефектээс үүдэлтэй тул 100 хувь эмчлэгддэггүй. Өөрөө гэнэт гараад ирсэн шигээ гэнэт алга болох тохиолдлууд их гардаг гэнэ. Хэдий чинээ их ач холбогдол өгч, санаа зовох тусам сэтгэл зүйгээсээ болоод ч тэр улам ихсээд байдаг талаар ихэнх форумуудад сэтгэгдэл үлдээгчид бичсэн байна. Үнэхээ ч өөрийн удирдлагаас гадуур зүйлд хэт их ач холбогдол өгөх сайн юманд хүргэдэггүй байх... Тэгэхээр ингэж байгаад гайгүй болчихно гэсэн сэтгэлээр тайван хандахыг хичээгээрэй.

2. Хэт ширүүн үрэхгүй байх - Маш олон хүмүүс энэ алдааг гаргадаг гэнэ. Гуужуулах хэрэгтэй нь хэрэгтэй ч, хэтэрхий ширүүн юмаар үрээд байвал арьсны хамгаалалтын механизм идэвхжин улам хатуурдаг гэнэ дээ. Тэгэхээр үсээд л коффегоор хөнгөн гуужуулаарай.

3. Наранд шарах - Өглөөний наранд 10-аас 15 минут биеээ шарах нь КП-г гөлийлгөдөг гэнэ. Ингэж нарэнд ээх нь нойрны чанарыг сайжруулах, тайвшруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг өөр олон ач тустай тул болж өгвөл наранд сууж байгаарай.

4. Ретинол - А витамин капсулыг хагалж түрхэж байвал түүний гол найрлага болох ретинол эсийн шинэчлэгдэх явцаг идэвхитэй дэмжин КП-г арилгах, зөөлрүүлэхэд тустай байдаг гэнэ. 

5. Алимны уксус (apple cider vinegar) + коконат ойл - энэ хоёрыг сайтар хутган хольж, өвчилсэн хэсгүүдэд өдөр тутам түрхэж байвал мөн арьсыг гөлийлгөхөд тусалдаг гэнэ.

Ер нь, гормоны томоохон өөрчлөлтүүд явагдахад КП гарч ирэх эсвэл алга болдог талаар The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ. Томоохон гормоны өөрчлөлтөд сарын тэмдэг ирэх, жирэмслэх, цэвэрших, химийн туяан эмчилгээ хийлгэх гэх зэрэг бие организмыг огцом өөрчилдөг үйл явдлууд багтдаг байна.






Wednesday, September 23, 2015

Миний Амьдралын Жагсаалтууд

Хүн бүрт хийхийг хүссэн зорилго, мөрөөдлүүд байдаг ч яг нэг, нэгээр нь жагсааж бичээд биелүүлэхийн тулд хичээдэг нь цөөхөн байх. Бичиж тавихад бодит төлөвлөгөө болон хувирах магадлал илүү өндөртэй байдаг гэдэг.

Хэзээ нэгэн цагт миний бодож, санасан бүхэн биелнэ гэсэн тууштай, өөдрөг сэтгэлээр хэд хэдэн жагсаалт биччихье, бас болоогүй төрөл, төрлөөр нь ангилна аа :D . Байнга энэ жагсаалтаа эргэн харж, хийсэн зүйлсээ тэмдэглэж байна аа.


Ажил, мэргэжил, карьертай холбоотой жагсаалт:


  • Дэлхийд нэр хүндтэй ИС-д мэргэжил дээшлүүлэх
  • PCS компани байгуулах
  • PMP зэрэгтэй болох
  • Заавал 3-аас дээш орнуудад, мэргэжлийн чиглэлээр ажилласан туршлагатай болох
  • Франц хэлээ мэргэжлийн орчинд ажиллах хэмжээнд хүргэх
Аялж, ажиллаж, амьдрахыг хүсэж буй орнуудын жагсаалт:

  • Финлянд болон бусад бүх скандинавын орнууд 
  • Зимбабве болон төв Африкийн орнууд 
  • Перу
  • Израйль
  • Шинэ Зеланд 
  • Шинэ Гвиней
  • Азербайжан, Гүрж 
  • Грек
  • Австри
  • Австралийн Тасмани арал
  • Францын Ницца, Капри, Сэнт Бартс
  • Хорват
  • Нью-Йорк
Фитнесс, биеийн тамир, эрүүл мэндийн жагсаалт:
  • Өглөө, орой бүр 3аас 5 минут бясалгал 100 хоног дараалан хийх (Өнөөдөр буюу 2015.09.23-аас эхэлсэн)
  • Долоо хоногт дор хаяж 3 удаа йог хийх - тасралтгүй 6 сарын турш - хэд, хэдэн байрлалуудыг сайн хийж сурах
  • Буцаад А шпагат сууж сурах
  • Хэзээ нэгэн цагт нэг сар дан түүхий хоолтон болж үзэх
  • 14 хоногийн турш хиймэл сахар орсон бүтээгдэхүүн огт идэхгүй байх (Энэ Шинэ Жилээс өмнө заавал хийх)
Бүтээлч жагсаалт:
  • Нэг Монгол бүжиг бүжиглэж сурах
  • Төгөлдөр хуурт зориулсан Медтнерийн Мартагдсан аялгуунуудаас нэгийг нь ч болтугай цээжээр тоглож сурах
  • Ой тогтоолтын сургалтанд сууж үзэх
  • Project Happiness хэвлэмэл бүтээгдэхүүн гаргах
  • MoMA, MET зэрэг дэлхийд алдартай музейн урлаг, түүхийн дамжаанд сууж үзэх
  • Нью-Йоркийн загварын долоо хоногийг очиж үзэх
  • Хятад хэл сурах

MISSHA - Essence Sun Milk SPF 50+/PA+++


Өвөл болж, хурц нар гарахгүй байна гээд нарны тос түрхэхгүй байж болохгүй шүү. UVB нарны цацраг туяа зузаан үүлсийг ч төвөггүй нэвтэлдэг гэдгийг санаарай. Чухам sun damage буюу нарны туяа хөгшрөлтөнд мөш их нөлөөлдөг. Арьс арчилгаанд нэг их цаг, зав зардаггүй байсан ч нарны тосыг үнэнчээр, тогтмол хэрэглэвэл удаан хугацаанд маш үр өгөөжтэй байх болно. Нарны тос сонгох талаар нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.

Хамгийн сүүлд хэрэглэж дуусгасан нарны тос болох MISSHA-ийн Essence Sun Milk-ийн талаар товч дүгнэхэд дажгүй шүү. Хуурай, тослог, хольмог арьсанд зориулалан хэд хэдэн төрлийнх байдаг нь хамгийн их таалагдсан. Би хуурай арьстай тул ногоон савтайг нь сонгосон бөгөөд үнэхээр чийгшүүлэх үйлчилгээтэй мэт санагдсан шүү. Бүтэц нь шингэвтэр, сүү шиг тул суурь будаг доор праймер маягаар суучихдаг санагдсан. Нэг гэм нь спирт ч юм шиг, их хачин үнэртэй... Гэвч, азаар үнэр нь амархан арилчихдаг. Эмзэг арьсанд тохирохоор санагдсан.

Хаанаас авсан: УИД-ын зүүн талд байдаг MISSHA
Үнэ: 35,800₮


Thursday, September 17, 2015

Colourpop !!!




Лос Анжелес-ээс гаралтай COLOURPOP мейк ап брэндийн нүдний тень, болон гэрэлтүүлэгчид. Бүтээгдэхүүний бүтэц нь нойтон, хөвсгөр ч юм шиг, баримлын шаврыг санагдуулам бөгөөд тогтоц маш сайтай. Будаг сайн хүлээж авдаг нүүр, авдаггүй нүүр гэж байдаг. Зарим хүмүүс өглөө хальт будаад гарахад эсвэл хэдэн давхар, есөн шидийн юм түрхчихээд бүхэл өдрийн турш сайхан явдаг бол, над мэтийн будаг сайн авдаггүй хүмүүс будаг их амархан арилна, бууна лол :)). Нүдний тень сайн тогтоодоггүй, тослог эсвэл хэт хуурай зовхитой бол праймер хэрэглэхгүйгээр Colourpop будгуудыг түрхэхэд, талхан дээр масло тавьж байгаа юм шиг л хялбархан тараагдана. Ихэвчлэн яг өнгөөрөө гардаг. Гэрэлтүүлэгчид нь том, том блёстка байхгүй ч, маш гоё "гэрэл" өгдөг. 


Авсан өнгөнүүдээс дургүй өнгө гэж нэг ч байхгүй, бүгд мааш их таалагдсан. Мөн үнийн хувьд ч их боломжийн: нүдний тень-үүд нь 5 ам.доллар бол гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгчид 8 ам.доллар байдаг.