Sunday, September 6, 2015

Dior - Diorshow Lash Maximizer - Сормуус өтгөрүүлэгч


Хөмсөг, сормуус хоёроо аятайхан болгочихсон байхад ямар ч хэлбэрийн нүд маш сайхан харагддаг. Өтгөн, хар сормуустай байхад заавал тень түрхэж, контур зурах шаардлагагүй шүү дээ.
Сормуусыг өдөр бүр дэрвийлгэгчээр эргүүлэх маш муу, яг хавчигддаг ормоороо хугардгаас гадна маш их шингэрдэг. Түүний оронд сормуусны праймер, серум маягийн бүтээгдэхүүн хэрэглэвэл гэмтэхгүйгээр өтгөрнө. Диорын Lash Maximizer сормуусны ургалтыг дэмжихээс гадна биежүүлж өгдөг. Нэг гэм нь цагаан өнгөтэй болохоор гадуур нь маш тод, хар сормуусны будгаар будахгүй бол сааралтаж харагдах гээд байдаг. Одоо ч бүр энийг хэрэглээгүй нүдээ харахаар нэг л "нүцгэн" харагдаад байдаг болчихож шүү. :)) Ямартай ч, хиймэл сормуус, дэрвийлгэгч хоёроос хамаагүй дээр, маш сайн бүтээгдэхүүн мэт санагдсан шүү.

Гоё сормуустай хүмүүс цаанаа л нэг цовоо, гоё харагддаг тийм ээ?

Wednesday, September 2, 2015

Kyoto Гоо сайхны салонд лазер болон diamond peel хийлгэсэн туршлага

Өнгөрсөн хавар Twin Towers-д шинээр нээгдсэн Kyoto Японы эмчилгээний гоо сайханд хэд хэдэн үйлчилгээ хийлгэж байсан сэтгэгдлээсээ хуваалцъя. Юуны өмнө маш сайхан тайван, тухлаг орчин бүрдүүлж чадсан ба ажилтнуудын найрсаг, эелдэг харилцаа маш их таалагдсан. 

1. Арьсны оношлогоо - Арьс оношлогч аппаратанд нүүрээ хийж байгаад хэд хэдэн, их тод флаш.тай зураг авахуулна. Үүний дараагаар аппарат арьсны аль хэсгүүдээр ямар, ямар асуудал байна вэ гэдгийг хэдэн өнгөөр ялгаж харуулсан. Би өөрийнхөө арьсыг дажгүй сайн мэддэг байсан тул дэмий л 30,000 төгрөг үрчихэв үү гэж бодогдсон. Гэхдээ арьсаа сайн таньж, ойлгохгүй байгаа бүсгүйчүүд нэг удаа ч болсон оношлуулаад үзээрэй. 
2. Diamond Peel - Бөөрөнхий, "алмазны үртэс" шингэсэн бага зэргийн барзгар, сорогч багажаар арьсыг гуужуулан сорж цэвэрлэдэг процедур юм. Орчны бохирдол, батганы сорви зэргийг гүн цэвэрлэхэд тохиромжтой. Улиралдаа нэг хийлгээд байвал гүн тогтсон сорвигүй, хар батга нэг их үүсээд байхгүй, их дажгүй санагдсан. Нэг удаа хийлгэх нь 160,000₮ байсан шиг санаж байна. Энэ үйлчилгээг Кёто салон нээгдээд удаагүй байхад хийлгүүлж байсан тул хөнгөлөлтийн карттай болоод авсан. 

3. Лазер - Хавар, зун маш их ядарсан, олигтой ч унтаж чадаагүй болоод ч тэр үү, миний аьс цаанаасаа л барайгаад, энд тэнд нь биржийгээд нэг л болохгүй байхаар нь лазер хийлгэж үздэг юм бэлэв үү гэж хэсэгтээ эргэлзсэний эцэст зориглоод хийлгэж үзсэн. Хүчтэй гэрлээр цохиулаад байхаар миний эмзэг арьс улам эмзэгшичих болов уу гэж айж байсан ч, өөр ямар ч гарц байхгүй мэт санагдаад шууд яваад орчихсон. Ммм, нэг л удаа хийлгэсэн болохоор нэг их үр дүн гэхээр юм мэдрэгдээгүй, биржийгээд байсан нь арилсныг эс тооцвол. Нэгэнт орохоор шийдсэн бол дор хаяж 3 удаа дараалаад орчихвол жинхэнэ үр дүн нь гарах юм шиг санагдсан. Хоёрын хооронд ганц удаа орвол, дэмий л мөнгөний гарз санагдсан шүү. Нэг удаагийн процедур нь 240,000₮ ч, би хөнгөлөлтийн картаараа 120,000-д хийлгүүлсэн. 

Дээрх зургуудыг Кёто салоны ФБ хуудсаас авсан шүү. 

Monday, August 31, 2015

The Life Changing Magic of Tidying Up - Marie Kondo

141220_EYE_1





Сүүлийн үед мэргэжлийн номнуудаас өөр ном унших боломж олдохгүй явсаар 8 сард амралтаа аваад Лодойдамбагуйн Тунгалаг Тамир болон мэрэжлийн зохион байгуулагч (organiser), Япон бүсгүй Marie Kondo-ийн The Life Changing Magic of Tidying Up буюу Цэвэрч болох нь Амьдралыг тань өөрчлөх Ид шид номуудыг уншлаа. Монгол хэлний үгийн баялаг, хэл бичгийн дүрмээ сайжруулахын тулд алдарт Тунгалаг Тамир романыг нэгэн танилын зөвлөснөөр уншсан бол (мэдээж маш их таалагдсан), сүүлийн номыг consumerism буюу худалдан авах сэтгэлгээ, хувцасны шүүгээ хоёроо өөрчлөхийн тулд шимтэж уншлаа.
Намайг бэлтгэл ангийн сурагч байх үед эмээ тагт дээр, мөн ханын шкаф-д хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, юу байгаа нь тодорхойгүй бөөн "хог, новш" гэж ад үзэгддэг хэсэг бүлэг зүйлсийг цуглуулан зүү орох зайгүй болтол нь чигжиж, чихиж хадгалдаг байсан юм. Том өрөө, том унтлагын өрөөний ханануудад Азербайжан загварын том, улаан хүрэн хивснүүд өлгөөтэй. Эмээг дагаад айл хэсэх бүр ихэвчлэн ойролцоо дүр зураг харагддаг байж билээ. Гэтэл ээж нэг л өдөр орж ирээд (яг хэзээ, хаанаас гэдгийг нь санадаггүй ээ) ингэж хог, новшинд баригдаж амьдарна гэж юу байсан юм гээд, хагас өдрийн уур уцаар, хэрүүл ундууцал болж байж гэрт байсан эд хогшлийн гуравны хоёрыг гарган хаяж, бүх хивснүүдийг буулган, гэгээлэг өнгийн ханын цаас нааж, том сервант, диван бүгдийг байхгүй болгоход манайх гэдэг айл 2 дахин цэлгэр талбайтай, нэг л хоосон хэрнээ тухтай боллоо. Би ч яах вэ, тухайн үед эмээгийн хүүхэд байсан болохоор эмээдээ тал засаад: "хамаг юм байхгүй, хоосон өрөөтэй юм уу" гэсэн шүү ганц, хоёр юм шулганаад өнгөрлөө. 2 дугаар ангид байхад их засвар хийгээд, улам цэлгэр, улам "хоосон" байртай болов. Яг яагаад ээж хамаг юм гагаж хаядаг "өвчтэй" юм бол гэдгийг нэг их сайн ойлгоогүй ч хивстэй, хөглөрсөн мэт нүсэр тавилгуудтай байснаас хамаагүй илүү таалагдав. Одоо ингээд бодоход ээж өөрөө ч мэдэлгүй орчин үед моданд орж буй минималист интерьерийг тэртээ 90-ээд оны сүүлд манайд нэвтрүүлж байсан байх нь. Цэлгэр, цэвэрхэн, цэмцгэр орчин хүнийг өөрийн эрхгүй "тайвшруулж", ухаан, бодлыг илүү цэгцтэй болгодог нь сүүлийн үеийн маш олон судалгаануудаар нотлогдож буй. Ганц ном ярих гэж байж хамаг амьдралаа тоочих нь ээ, уучлаарай! :))
Мариа Кондогийн энэхүү номд хувцас хунар, аксессуар зэргээс эхлэн гэрийн бүхий л эд юмсыг хэрхэн зохион байгуулалтанд оруулж, цэвэрлэх тухай маш гоё, сэтгэл зүйн үүднээс мэдрэмжтэй ажиглалтууд хийж чадсан мэт санагдлаа. Түүнийхээр бол бидний өмчлөлд буй эд юмс бүгд "амьтай, өөрийн гэсэн содон энергитэй байдаг бөгөөд, бүгд бидэнд үйлчлэхийг эрмэлздэг" байх нь. Бүсгүйчүүд бидэнд нэг л их хувцас байдаг атлаа яг өмсөх гэхээр өмсөх юм олдохгүй байх үе маш их шүү дээ. Мари бидэнд нэгэн маш чухал асуулт асуухыг зөвлөж байна: "Энэ зүйл (it буюу хувцас, юу ч байж болно) бидэнд баяр баяслыг төрүүлж байна уу? /Does this spark joy?/. Бид амьдрах орчноо зөвхөн чин сэтгэлийн баяр, баясал төрүүлдэг зүйлсээр хүрээлүүлвэл хий дэмий, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх нь багасахаар зогсохгүй тэднээс маш сайхан дулаан энергийг хүлээн авч, цэмцгэр амьдралд хөтөлдөг байх нь. Мөн хувцас эвхэх, хадгалах маш гоё, гоё санаануудыг заадаг.
Мари-ийн энэ санаа миний сэтгэлийг маш их хөдөлгөж, би гэдэг хүн хувцасны шүүгээнийхээ талыг нь шахуу гаргаж, хэрэгтэй хүнд нь өгч, хаяхыг нь хаялаа. Одоо ингээд харахад бүх зүйлс эмх цэгцтэй, хамгийн гол нь бүгдийг нь өмсөх маш их дуртай учраас юу өмсөх вэ гэдэг асуудалд зарцуулах цаг, нерв эрс багассан. Одоо бусад эд юмсаа цэгцэлж байна. :) Та хэд маань сонирхож байвал дууссаны дараагаар зургийг нь оруулж болох юм шүү. :)

Sunday, August 30, 2015

The Saem - Urban Harakeke Set - Арьс арчилгааны бас нэгэн "шинэвтэр?" Солонгос брэнд Болох The Saem



Арьс арчилгааг шүтдэг Өмнөд Солонгосын 2010 онд шинээр үүсгэн байгуулагдсан гоо сайхны брэнд болох The Saem-ын бүтээгдэхүүнүүдийн талаар хүмүүс ам сайтай байхаар нь хамгийн их борлуулагдсан сет болон маскийг туршиж үзлээ.

The Urban Harakeke нэртэй тоник, лосьон болон тосны сет нь энгийн, хуурайвтар арьсанд зориулагдсан бөгөөд Шинэ Зеландын нэгэн булагийн усыг найрлагандаа ашигладаг гэнэ. Одоо хэрэглээд 2 сар гаран болж байхад талаас бага зэрэг дундарж байн гэхээр хэмжээний хуьд эдийн засгийн хэмнэлттэй. Хамгийн их таалагдсан нь тоник - маш сайн чийгшүүлдэг санагдсан. Үлдсэн хоёр нь "яахав, дажгүй л юм" ангилалд багтахаар санагдсан. Үнийн хувьд боломжийн - гурвуул нийлээд 36 ам.доллараар Инчоны НОБ-аас худалдан авсан.


Gold Snail Bubble Mask - сүүлийн хоёр жил жижигхэн хөөсрөлттэй, "газтай" мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд тренд болоод байна. Энэхүү маскийг бага зэргийн чийгтэй арьсанд жигд түрхэхэд тэр дороо хөөсөрнө, уг хөөсийг 15-30 минутын дараа угаана. Хөөсрөлтийн явц маш хөнгөн гижиг хүргэх мэдрэмж төрүүлдэг. Чийгшүүлж, тэжээл өгөх зориулалттай. Үйлчилгээний хувьд мөн л "гүй яах вэ, сонирхолтой л юм" ангилалд хамаарахаар санагдлаа. :)
Үнэ нь 28 ам.доллар хавьцаа байсан санагдаж байна.

The Saem ер нь их гайгүй юм шиг байгаа юм.. Даанч Улаанбаатарт оригнал нь олдох биш дээ :))

Wednesday, August 26, 2015

STROBING - Нүүр Будалтын "Шинэ Техник"




Ким Кардашиан шиг тод гэрэл, сүүдэр тавих нэг хэсэг "моданд" орж, охидууд нүүрээ нарийн харагдуулахын түүс болж байсан шүү дээ. Тэгвэл одоо Strobing  буюу дан гэрэлтүүлэгч ашиглан нүүрнийхээ товгор хэсгүүдийг тодотгох будалт ид тренд болж байна.



Дотроосоо гэрэлтэж буй мэт, сайхан чийгшилтэй, эрүүл, амарсан харагдуулдаг энэ техник нь гэрэл, сүүдрийг бодвол хамаагүй зөөлөн, натурал харагддаг тул таны мейкап чадвар тийм ч сайн биш байсан ч туршаад үзээрэй.

Стробинг хийхийн тулд мэдээж гэрэлтүүлэгч (highlighter) хэрэгтэй. Миний хамгийн дуртай гэрэлтүүлэгч бол The Balm-ын Mary Lou Manizer - маш гоё сувдан өнгөтэй, элдэв том блёстка шиг ширхэггүй, ази шардуу өнгөтэй арьсанд их сайн тохирдог. Даанч Улаанбаатарт зардаггүй байх. (Хүсвэл E-shop-оор захиалж болно шүү, $24 ;D).


Улаанбаатарт элбэг байдаг Солонгос гоо сайхны дэлгүүрүүд, УИД зэрэгт гэрэлтүүлэгч гээд хайвал нэг үеээ бодвол элбэг олдоно шүү. Хэрэв бор, шардуу туяатай арьстай бол алтлаг сувдан өнгөтэйг, цайвар, ягаавтар туяатай арьстай бол rose gold, ягаавтар өнгөтэй гэрэлтүүлэгч сонговол илүү натурал харагдах болно. Мөн том ширхэгтэй, хэт хуурай мэт бүтэцтэй гэрэлтүүлэгч сонгохоос зайлсхийгээрэй.

Sunday, April 5, 2015

Olay - Regenerist Seurm & Eye Cream


Боломжийн үнэтэй хэрнээ үйлчилгээ сайтай, "зөөлөн" талдаа хөгшрөлтийн эсрэг серум, зовхины тос хайж байвал Olay-ын Regenrist-ыг сонирхоод үзээрэй. Серум нь 50 мл, Зовхины том нь 15 мл, Серум нь чийгшүүлэх, тэжээл өгөх чадвар сайтай ч хөгшрөлтийн эсрэг яг юу хийгээд байгаа нь сайн анзаарагдаагүй. Хорь дөнгөж гарж байгаа, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд сонирхож эхэлж байвал илүү тохирох юм шиг санагдсан. Зовхины тос нь харин хялгасан үрчлээсүүдийг толийлгоод байсан шүү. Серум нь 2 сар хүрэхгүй дууссан ч, зовхины тос нь 3 сар гарсан. Хавар болоод хуурайшаад, өнгөө алдаад байгаа арьсыг хөөрхөн тордчих байх шүү.

Серум & зовхины тос тус тусынх нь албан ёсны үнэ: 22.99 ам.доллар.

Булган Сормуус Grease салонд суулгуулсан туршлага


Надад гадагшаа ажлын шугмаар 3 долоо хоног явах завшаан/хараал тулгарав аа. Мэдээж нэг талаар өөр орон (Австрали улс) үзээд, гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй томоохон төсөл дээр ажиллаж үзнэ гэдэг гайхалтай завшаан ч, нөгөө талаар нүүрээ бүтэн угаах ч завгүй, хамгийн сүүлд хэзээ хичээлийн номоо барьж сууснаа марттал ажлаар шахуулаад.. за тэр ч дүүрсэн хэрэг, гэтэл ийм завшаан оллоо гээд зарим хүмүүс миний баяр хүргэхийн оронд урдуур, хойгуур хэл ам хийгээд аймар юм болдог юм байна :)). Эмэгтэй хүмүүс нэг нэгнийгээ өрсөлдөгч бус хамтрагч гэж харах хэрэгтэй юм шиг. Sheryl Sandberg-ийн Lean in гэдэг номыг заавал олж уншаарай, охидуудаа! Монгол орчуулга нь гарсан байна лээ шүү.

За тэр ч яах вэ. Гадагшаа явах болсон юм байна гээд аятайхан харагдчих санаатай сормуус суулгуулах гээд Сөүлийн гудамжинд байрлах Грис салоныг зорив оо. Нэг ирснийх гээд хүлээх зуураа үсээ засуулав. Би үсээ тэгшхэн ургуулж байгаа болохоор доороос нь тэв тэгшхэн 4 см тайруулаад, чёолкоо бага зэрэг хэлбэрт оруулж тайруулсан. Салоны хүмүүс нь сайхан ааштай гэж жигтэйхэн, ус, цайгаар дайлуулаад овоо байлаа. Дашрамд хэлэхэд үс тайрахад 35,000₮ байсан шүү. Дажгүй хэлснээр минь тайраад өгсөн. 

Сормуус хийлгүүлэхэд харин онцгүй байсан. Гоо сайханч нь ханиалгаад, гараас нь нэг л сонин үнэр үнэртээд... Яг нүүрэн дээр ирчээд нусаа ч юм уу, юугаа ч юм татаад... Ядаж байхад үнэхээр удаан хөдөлгөөнтэй, цаг гаран тарчилсан. Дууссаны дараа харахад дажгүй, боломжийн харагдаж байлаа. Би 10 мм гээд хамгийн богинохныг нь хийлгэсэн чинь миний өөрийн сормуус тэрнээс урт байна гэсэн шүү. :D :P. Эхний долоо хоног сайхан байлаа, өглөө бүр нүдээ будах ч шаарлагагүй, өглөө босож ирээд дэрвэлзээд гараад явна шүү дээ. Тэгсэн 2 дахь долоо хоногоос нь голоосоо унаад эхэлдэг юм даа. Тэгээд интернетээс хайж байгаад нүүрээ халуун усанд утаж байгаад нэг нэгээр нь өөрөө салгахаас өөр аргагүй болоод. Энд уг нь нэг салонд салгуулчихъя гэсэн нь 30 доллар гээд болдоггүй, тэгэхээр нь хайран мөнгө би өөрөө гээд л DIY-дчихсанн. 

Би нээрээ алдаа дээрээ сурдаггүй хүн шүү. Хэдэн жилийн өмнө 21 насны төрсөн өдрөөрөө маяглаж яваад бас нэг газар хийлгүүлж байсан нь 10 хоногийн дараа миний өөрийн сормуусыг аваад унасан гашуун туршлагатай ч одоо өөрийгөө арай анхаарал, болгоомжтой болсон гэж үзээд дахиад хийлгүүлсэн чинь дахиад л тал сормуусаа алдчихлаа. 

Хиймэл сормуустай байж чаддаг хүн, чаддаггүй хүн гэж цаанаасаа заядаг юм шиг байна лээ. Над шиг байнга яарж явдаг, хайш яйш талдаа бол тийм нарийн ширийн юмнаас хол байсан дээр санагдсан. Сормуус яг хийлгэсний дараа үнэхээр хөөрхөн тормолзоод, гоё харагддаг ч унаад ирэхээрээ нэг л хиймэл, ёстой муухай харагдуулдаг. 

Грис салонд сормуус хийлгэх дэмий санагдсан. Гоо сайханч нь чадваргүй, дээрээс нь ариун цэврийн шаардлага хангаагүй... Хайран 66,000₮ болсон доо. Одоо сормуусаа кастор, коконат хоёр тосоор тослоод хурдан ургаасай гээд зальбираад л сууж байна. :)