Дэлхийн хамгийн том хот болох 35 сая гаруй оршин суугчидтай Токио явах гэж байна уу? Явмаар байна уу?
Токиог маш их high tech, орчин үеийн хот гэж бодож очлоо л доо. Гэвч Японы эдийн засгийн ид өсөлт 1980-аад онд өрнөсөн ба ихэнх байшин барилга, бүтээн байгуулалт тухайн үед баригдаж байсан тул 80-аад оны Холливудын кинонууд дээр гардаг дүр зураг угтах шиг санагдсан. Хотын төв болон уламжлалт дүүрэгүүд мэдээж өөр л дөө. Хүмүүс нь маш олуулаа суурин амьдраад сурчихсан тул нэг нэгнийхээ орон зайг маш их хүндэлдэг нь хамгийн их таалагдсан.
Бэлтгэл ажил:
1. Япон улсад зорчих виз ажлын 4 хоногт гардаг ба энгийн аялалын виз 46000 төгрөг байдаг.
2. Үндэсний мөнгөн тэмдэгт нь Йен ба нэг йен ойролцоогоор 18 төгрөг, 100 йен-ийг нэг ам.доллартай тэнцүүлж бодвол их дөхөм санагдсан. Үнэтэй хот байна лээ шүү, сайтар бэлдэхгүй бол. Метро, ойр зуурын унаа, хүнс зэрэг нь Лондон-оос үнэтэй санагдсан. Такси барьна гэж санасны ч хэрэггүй, 2-хон км газар явахад 1000 йен буюу 10 ам.доллар. Мэдээж мөнгө байвал такси хамгийн амар санагдсан.
3. Япон хүмүүс англиар ойлгодог хэрнээ ярьдаггүй юм байна лээ, асуулт ойлгоод японоор хариулдаг ((: Ойр зуурын ярианы дэвтэр өвөртлөөд явбал дөхөм байх.
4. Зун маш бүгчим, халуун ч өвөл нь чийгтэй хүйтэн тул цаг агаарын өөрчлөлтөд өөрийгөө болон хувцасаа бэлдээрэй.
Япон хүмүүс ихэвчлэн маш соёлтой, эелдэг инээгээд бөхөлзөөд л байдаг :P. Өөрсдөө их цэвэрч нямбай хүмүүс тул олон нийтийн газар хог тарих нь битгий хэл гудамжинд алхангаа юм иддэггүй. Зайрмаг, чихэр бариад идээд явахад нэг л сонин харна, муухай биш л дээ - эндхийн хүн биш байна даа гэсэн харцаар ((: Мөн үнэхээр сайхан эмх замбараатай дэс дараагаа хүлээж сурсан хүмүүс байна лээ шүү, очер дайрна гэж санахын ч хэрэггүй.
Япон охид, залуучууд юу дуртайгаа чөлөөтэй өмсдөгба хэн ч тэднийг яасан хачин болчихоо вэ, энэ одоо юу вэ гэх зэргээр шүүмжилдэггүй нь үнэхээр их таалагдсан. Өмссөн хувцсаараа өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй. Охидууд нь хиймэл сормуус, өндөр өсгийт өдөр тутамдаа хэрэглээд сурхчихсан санагдсан. Ер нь хүний гаднах төрхийг шүүмжилдэггүй соёлтой, хэлэх сайхан үг байхгүй бол чимээгүй л бай зарчмаар явна. Гоё байгаа биз? Манайд ганц өдөр юбка өмсөөд гарахаар гудамжны хүүхдүүд хормой сөхөхөөс авахуулаад танилууд: "Аааааяяяяяя, юун лаг юм, хооо өнөөдөр юутай юм" гэх зэргээр хүний дургүй хүргэдэг шүү дээ.
Хотын төв дүүргийг Shibuya гэх бөгөөд дэлхийн хамгийн "завгүй" уулзвар энд байдаг. Мөн маш олон дэлгүүр, хоршоо, хоол, ундны газраас эхлүүлээд love hotel /хамт амьдардаггүй хосууд ороод амар тайван секс хийх зориулалттай, маш романтик орчинтой/, rest hotel /бие үнэлэгч худалдан авах боломжтой дэн буудал/ зэрэг сонин содон зүйлс ихтэй. Мөн өндөр өндөр оффис барилгууд, тансаг зэрэглэлийн, үүдний харуултай орон сууцуул ч харагдсан.
Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн газруудаас товч дурьдвал:
1. Senso-ji - манайхаар Гандан юм уу даа, Асакуса гэх уламжлалт хэв маягаа хадгалсан дүүрэгт орших хамгийн том, эртний Буддын сүм. Дотогш орохын тулд мэдээж шимтгэлтэй, би нэг их сонирхож ороогүй тул шимтгэлийг нь мэдэхгүй байна :P Ёс болгож ганц харсан сүм нь энэ.
2. Tokyo Sky Tree - Токиогийн хамгийн өндөр барилга ба Дубайн Бурж Халифа-н дараа орох дэлхийн хамгийн том цамхаг. 634 метрийн өндөртэй гэхээр манай Blue Sky гэх заазууран байшинг 3,5 нугалсан өндөртэй гэсэн үг. 2011 оны 3-р сард баригдаж дууссан, шинэ сүртэй байшин байна лээ :P. Нео-футуристик дизайнтай, газар хөдлөлтөд тун тэсвэртэй гэнэ.
350 болон 450 метрийн өндрөөс хотыг харах зориулалттай шилэн тавцан бий. 350 метрийн өндөртэйд нь л гарч үзсэн ба тасалбар нь 2500 йен байсан. Дээшээгээ 50 секундын дотор 200 хэдэн метр өндөрт гардаг хурдны лифт-д суух таалагдсан, бага оврын онгоц хөөрөх гэж байгаа мэдрэмж төрсөн. Дээрээс хотыг хараад ямар том юм бэ гэж уулга алдахаас өөр аргагүй, хичнээн сүрхий гэж санана. Манай Улаанбаатар нэг жижигхэн тосгон мэт.
3. Akihabara - Electric town - Токиогийн цахилгаан бараа худалдаалдаг ихэнх дэлгүүр хоршоонууд байдаг болохоор Цахилгаан хот нэртэй. Камер, лаптоп зэрэг худалдаж авах санаатай байвал ийшээ очоорой. Гадаад хүн тул пасспортоо үзүүлээд НӨАТ-аа буцаан авч болдог. Зөвхөн цахилгаан бараа гэлтгүй японы хамаг л Geek залуус энд ирж аниме, манга худалдан авч, автомат тоглоомын газар өдөр шөнөгүй сууцгаадаг юм билээ. Нэг манга хайж яваад насанд хүрэгчдэд зориулсан DVD борлуулдаг хэсэгт нь санамсаргүй ороод хартал 4,5 настай жоохон охидын порно байсан. Япон хүмүүс педофил хандлагатай юм шиг санагдсан. Бүсгүйчүүд нь бүгд л жаахан охин шиг "өхөөрдөм, ялдам" байхыг эрмэлздэг мэт. Автомат тоглоомын газрууд нь бүгд 24 цаг ажилладаг ба маш олон давхар байшинд байдаг юм байна лээ. Би яаж дутах вэ зоос хийж тоглодог машинуудад дуртай юм болохоороо оройн 21 цаг гэж очоод шөнийн 2 хүртэл "нүдэлцсэн". Жинхэнэ кайф, nerd ахан дүүстэйгээ сайхан байсаан :D
Акихабарад маш олон MAID Cafe гэж японы Hooters маягийн, зөөгч охидууд нь франц гэрийн үйлчлэгчийн хувцас өмсчихөөд тантай сээтэгнэдэг кафенууд байдаг юм байна лээ. Үнэхээр ядаргаатай санагдсан тайван юм идүүлэхгүй хажууд ирж "шалчигнаад" :P, эрэгтэй хүнд бол их аятайхан байх лол.
4. Tokyo sea life - загасны зоо пар шиг :P. Том, том аквариумуудад төрөл бүрийн загас, далайн амьтдыг байлгадаг. Мань мэтийн далайгаас хол хүмүүст их сонирхолтой санагдсан. Немо-гоо ч олсон :P Оцон шувууд гэж эгдүүтэй юмнууд байдаг юм байх гэсэн, үнэхээр өмхий үнэртэй юм байна лээ ((:
Уг паркаас холгүй маш том алсын харагч байсан, нэг бүтэн тойроод ирэхэд 20-иод минут болдог, суугаад үзчихэд илүүдэхгүй санагдсан. Хосуудад их романтик уур амьсгалтай ч юм шиг :P. Кинон дээр гардаг шиг хамгийн дээр нь оччихоод эргэн тойрноо харахгүй үнсэлцээд :P ((:
Алсыг харагчийн доор нэг хүн зургийг чинь аваад өгье гээд нэг их хөөрхөн инээгээд бөхөлзнө. Бууж ирэхээр чинь зургийг чинь угаачихсан 800 йен болж байна гээд зогсож байна. ((: Үгүй ээ, хэрэггүй гээд шууд хэлэхгүй бол ганц зураг 8 ам.доллараар худалдаж авах шаарлагатай болж байгаа юм ((:.
Гэх мэт сайн сайхан, үзчихээр харчихаар юм их байсан (:
Дараагийн нийтлэлээр шоппинг хийхэд хамгийн тохиромжтой газруудыг танилцуулах болно (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: