Monday, August 31, 2015

The Life Changing Magic of Tidying Up - Marie Kondo

141220_EYE_1





Сүүлийн үед мэргэжлийн номнуудаас өөр ном унших боломж олдохгүй явсаар 8 сард амралтаа аваад Лодойдамбагуйн Тунгалаг Тамир болон мэрэжлийн зохион байгуулагч (organiser), Япон бүсгүй Marie Kondo-ийн The Life Changing Magic of Tidying Up буюу Цэвэрч болох нь Амьдралыг тань өөрчлөх Ид шид номуудыг уншлаа. Монгол хэлний үгийн баялаг, хэл бичгийн дүрмээ сайжруулахын тулд алдарт Тунгалаг Тамир романыг нэгэн танилын зөвлөснөөр уншсан бол (мэдээж маш их таалагдсан), сүүлийн номыг consumerism буюу худалдан авах сэтгэлгээ, хувцасны шүүгээ хоёроо өөрчлөхийн тулд шимтэж уншлаа.
Намайг бэлтгэл ангийн сурагч байх үед эмээ тагт дээр, мөн ханын шкаф-д хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, юу байгаа нь тодорхойгүй бөөн "хог, новш" гэж ад үзэгддэг хэсэг бүлэг зүйлсийг цуглуулан зүү орох зайгүй болтол нь чигжиж, чихиж хадгалдаг байсан юм. Том өрөө, том унтлагын өрөөний ханануудад Азербайжан загварын том, улаан хүрэн хивснүүд өлгөөтэй. Эмээг дагаад айл хэсэх бүр ихэвчлэн ойролцоо дүр зураг харагддаг байж билээ. Гэтэл ээж нэг л өдөр орж ирээд (яг хэзээ, хаанаас гэдгийг нь санадаггүй ээ) ингэж хог, новшинд баригдаж амьдарна гэж юу байсан юм гээд, хагас өдрийн уур уцаар, хэрүүл ундууцал болж байж гэрт байсан эд хогшлийн гуравны хоёрыг гарган хаяж, бүх хивснүүдийг буулган, гэгээлэг өнгийн ханын цаас нааж, том сервант, диван бүгдийг байхгүй болгоход манайх гэдэг айл 2 дахин цэлгэр талбайтай, нэг л хоосон хэрнээ тухтай боллоо. Би ч яах вэ, тухайн үед эмээгийн хүүхэд байсан болохоор эмээдээ тал засаад: "хамаг юм байхгүй, хоосон өрөөтэй юм уу" гэсэн шүү ганц, хоёр юм шулганаад өнгөрлөө. 2 дугаар ангид байхад их засвар хийгээд, улам цэлгэр, улам "хоосон" байртай болов. Яг яагаад ээж хамаг юм гагаж хаядаг "өвчтэй" юм бол гэдгийг нэг их сайн ойлгоогүй ч хивстэй, хөглөрсөн мэт нүсэр тавилгуудтай байснаас хамаагүй илүү таалагдав. Одоо ингээд бодоход ээж өөрөө ч мэдэлгүй орчин үед моданд орж буй минималист интерьерийг тэртээ 90-ээд оны сүүлд манайд нэвтрүүлж байсан байх нь. Цэлгэр, цэвэрхэн, цэмцгэр орчин хүнийг өөрийн эрхгүй "тайвшруулж", ухаан, бодлыг илүү цэгцтэй болгодог нь сүүлийн үеийн маш олон судалгаануудаар нотлогдож буй. Ганц ном ярих гэж байж хамаг амьдралаа тоочих нь ээ, уучлаарай! :))
Мариа Кондогийн энэхүү номд хувцас хунар, аксессуар зэргээс эхлэн гэрийн бүхий л эд юмсыг хэрхэн зохион байгуулалтанд оруулж, цэвэрлэх тухай маш гоё, сэтгэл зүйн үүднээс мэдрэмжтэй ажиглалтууд хийж чадсан мэт санагдлаа. Түүнийхээр бол бидний өмчлөлд буй эд юмс бүгд "амьтай, өөрийн гэсэн содон энергитэй байдаг бөгөөд, бүгд бидэнд үйлчлэхийг эрмэлздэг" байх нь. Бүсгүйчүүд бидэнд нэг л их хувцас байдаг атлаа яг өмсөх гэхээр өмсөх юм олдохгүй байх үе маш их шүү дээ. Мари бидэнд нэгэн маш чухал асуулт асуухыг зөвлөж байна: "Энэ зүйл (it буюу хувцас, юу ч байж болно) бидэнд баяр баяслыг төрүүлж байна уу? /Does this spark joy?/. Бид амьдрах орчноо зөвхөн чин сэтгэлийн баяр, баясал төрүүлдэг зүйлсээр хүрээлүүлвэл хий дэмий, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх нь багасахаар зогсохгүй тэднээс маш сайхан дулаан энергийг хүлээн авч, цэмцгэр амьдралд хөтөлдөг байх нь. Мөн хувцас эвхэх, хадгалах маш гоё, гоё санаануудыг заадаг.
Мари-ийн энэ санаа миний сэтгэлийг маш их хөдөлгөж, би гэдэг хүн хувцасны шүүгээнийхээ талыг нь шахуу гаргаж, хэрэгтэй хүнд нь өгч, хаяхыг нь хаялаа. Одоо ингээд харахад бүх зүйлс эмх цэгцтэй, хамгийн гол нь бүгдийг нь өмсөх маш их дуртай учраас юу өмсөх вэ гэдэг асуудалд зарцуулах цаг, нерв эрс багассан. Одоо бусад эд юмсаа цэгцэлж байна. :) Та хэд маань сонирхож байвал дууссаны дараагаар зургийг нь оруулж болох юм шүү. :)

No comments:

Post a Comment