Надад гадагшаа ажлын шугмаар 3 долоо хоног явах завшаан/хараал тулгарав аа. Мэдээж нэг талаар өөр орон (Австрали улс) үзээд, гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй томоохон төсөл дээр ажиллаж үзнэ гэдэг гайхалтай завшаан ч, нөгөө талаар нүүрээ бүтэн угаах ч завгүй, хамгийн сүүлд хэзээ хичээлийн номоо барьж сууснаа марттал ажлаар шахуулаад.. за тэр ч дүүрсэн хэрэг, гэтэл ийм завшаан оллоо гээд зарим хүмүүс миний баяр хүргэхийн оронд урдуур, хойгуур хэл ам хийгээд аймар юм болдог юм байна :)). Эмэгтэй хүмүүс нэг нэгнийгээ өрсөлдөгч бус хамтрагч гэж харах хэрэгтэй юм шиг. Sheryl Sandberg-ийн Lean in гэдэг номыг заавал олж уншаарай, охидуудаа! Монгол орчуулга нь гарсан байна лээ шүү.
За тэр ч яах вэ. Гадагшаа явах болсон юм байна гээд аятайхан харагдчих санаатай сормуус суулгуулах гээд Сөүлийн гудамжинд байрлах Грис салоныг зорив оо. Нэг ирснийх гээд хүлээх зуураа үсээ засуулав. Би үсээ тэгшхэн ургуулж байгаа болохоор доороос нь тэв тэгшхэн 4 см тайруулаад, чёолкоо бага зэрэг хэлбэрт оруулж тайруулсан. Салоны хүмүүс нь сайхан ааштай гэж жигтэйхэн, ус, цайгаар дайлуулаад овоо байлаа. Дашрамд хэлэхэд үс тайрахад 35,000₮ байсан шүү. Дажгүй хэлснээр минь тайраад өгсөн.
Сормуус хийлгүүлэхэд харин онцгүй байсан. Гоо сайханч нь ханиалгаад, гараас нь нэг л сонин үнэр үнэртээд... Яг нүүрэн дээр ирчээд нусаа ч юм уу, юугаа ч юм татаад... Ядаж байхад үнэхээр удаан хөдөлгөөнтэй, цаг гаран тарчилсан. Дууссаны дараа харахад дажгүй, боломжийн харагдаж байлаа. Би 10 мм гээд хамгийн богинохныг нь хийлгэсэн чинь миний өөрийн сормуус тэрнээс урт байна гэсэн шүү. :D :P. Эхний долоо хоног сайхан байлаа, өглөө бүр нүдээ будах ч шаарлагагүй, өглөө босож ирээд дэрвэлзээд гараад явна шүү дээ. Тэгсэн 2 дахь долоо хоногоос нь голоосоо унаад эхэлдэг юм даа. Тэгээд интернетээс хайж байгаад нүүрээ халуун усанд утаж байгаад нэг нэгээр нь өөрөө салгахаас өөр аргагүй болоод. Энд уг нь нэг салонд салгуулчихъя гэсэн нь 30 доллар гээд болдоггүй, тэгэхээр нь хайран мөнгө би өөрөө гээд л DIY-дчихсанн.
Би нээрээ алдаа дээрээ сурдаггүй хүн шүү. Хэдэн жилийн өмнө 21 насны төрсөн өдрөөрөө маяглаж яваад бас нэг газар хийлгүүлж байсан нь 10 хоногийн дараа миний өөрийн сормуусыг аваад унасан гашуун туршлагатай ч одоо өөрийгөө арай анхаарал, болгоомжтой болсон гэж үзээд дахиад хийлгүүлсэн чинь дахиад л тал сормуусаа алдчихлаа.
Хиймэл сормуустай байж чаддаг хүн, чаддаггүй хүн гэж цаанаасаа заядаг юм шиг байна лээ. Над шиг байнга яарж явдаг, хайш яйш талдаа бол тийм нарийн ширийн юмнаас хол байсан дээр санагдсан. Сормуус яг хийлгэсний дараа үнэхээр хөөрхөн тормолзоод, гоё харагддаг ч унаад ирэхээрээ нэг л хиймэл, ёстой муухай харагдуулдаг.
Грис салонд сормуус хийлгэх дэмий санагдсан. Гоо сайханч нь чадваргүй, дээрээс нь ариун цэврийн шаардлага хангаагүй... Хайран 66,000₮ болсон доо. Одоо сормуусаа кастор, коконат хоёр тосоор тослоод хурдан ургаасай гээд зальбираад л сууж байна. :)
No comments:
Post a Comment